Улаанбаатар хотоор аялсан нь...

Монгол дахь борлуулалтын ажлын шинж чанар

Борлуулалт хийх талаар монгол оронд хувьсал авчирсан жилүүд тэртээ 90-ээд оноос эхлэлтэй. Анхны гахай зөөж урдаас хэд гурван хувцас, жимс ногоо зардаг байсан залуус наймааны ухаанд дөртэй болж байж дээ. Тэр үеийн олон залуус хөлжих нь хөлжиж уруудах нь уруудсан түүхтэй. Цэвэр өөрийн бор зүрхээр зүтгэж явсан залуусаас өдгөө цөөхөн хэд нь том гэж хэлэгдэх компани, корпораци, группийн эзэд болцгоосон байх юм.

Тэдний хувьд бүгдийг 0 цэгээс эхэлж байсан болохоор бүх л зовлон жаргал, нарийн ширийн бүхнийг амсаж туулж ирсэн биз. Ер нь монголд нэлээд хожуу үеэс л маркетинг борлуулалтын  талаар ярих болсоноос ихэнхдээ бүгдийг хар практик голдуу хийдэг байсан гэлцнэ. Хэдий тийм ч гэсэн их зүйлийг суралцаж чадсанаар барахгүй өнөөгийн бизнесийн ертөнцийг бүрэлдүүлэн бий болгоход томоохон хувь нэмрийг оруулсан гэдгийг тэмдэглэх нь  илүүц байх.

Анхны гараас гар дамжин хийгддэг байсан наймаа, дам, шаг гээд төрөл бүрээр хийгддэг байсан борлуулалт өнөөдөр цоо шинэ шатанд гарч ирсэн байгаад нэн үнэлүүштэй хандахын зэрэгцээ мөн шүүмжлэлтэй хандах хэрэгтэйг мэргэжлийн хүний хувьд онцлох нь зөв болов уу. Хүн аливаа зүйлийг ямар нэг өөр зүйлтэй жишин байж сая нэг ойлгодог гэсэн хялбар логик оршдог. Үүнээс үлгэрлэвэл монгол дахь өнөөгийн борлуулалтын ажлыг нэгдүгээрт өнгөрсөн үеийн монгол, хоёрдугаарт гадаад орны борлуулалтын ажилтай жишин  харж харьцуулан үзсэнээр цаад мөн чанар хийгээд дээрх агуулгын дагуу дүгнэлт гарган ирэхэд тус болох нь дамжиггүй юм.

Нэгдүгээрт өнгөрсөн үеийн монгол дахь борлуулатын ажлын байдал нэн эртний байсныг дахин дурдах хэрэгтэй байх. Аливаа арилжаа наймааны дийлэнх нь хар захын хуулиар зохицож гараас гарт дамжин эрэлт ихтэй бараа нь шаг дамын наймааг гааруулж цөөн хэдэн томд тооцогдох пүүс, үйлдвэрийн дэлгүүрт лангууны худалдаа зонхилох шинжтэй байв. Борлуулалтын ажилтанг энэ цагт худалдагч хэмээн нэрийддэг байсан ба хүнс зардаг худалдагч тарган, зах дээр зогсдог худалдагч зальжин, аль нэг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаа бол ааштай гэсэн тодотголтой “ардын хоршооны хөөрхөн Бурмаа”-нууд өнгөрсөн үеийн монгол орны борлуулалтын ажилтны үнэн төрх болж байлаа.

Нэлээд сүүлийн үеэс пүүс нь компани болж, хоршоо нь байгууллага болж эхлэх үест борлуулалтын ажилтан гэсэн нэр томъёо бий болж менежмент маркетинг ярих болсноор монголын бизнесийн ертөнц өрнийхний капиталист онол сургаалиар хөгжин, шинэчлэгдэх болов. Улиран өнгөрсөн он жилүүдийг бодвол популист хандлагатай уриа лоозон компаниудаас ихэд гарах болж хэрэглэгчийг хаанд өргөмжлөх компанит ажил ид өрнөж эхлээд шинэчлэл өөрчлөлтийн салхийг араасаа дагуулж ирлээ. Аль толгой сайтай нэгэн сургалт семинарт хамрагдаж монгол орны хэмжээгээр зах зээл, бизнес, эдийн засгийн чиг баримжаатай их дээд сургуулиуд олширч тэдгээрийг төгсөн гарсан мэргэжилтнүүд өрнийн “борлуулагч” нар болон хувирах их хувьсгал өрнөж байв. Цаг хугацаа тэртээх он жилүүдийг бодвол их хурдан өнгөрөх шиг санагдах болж өдөр тутам шинэ шинэ зүйлстэй нүүр тулгарч өөрөө борлуулах ажил маань хөгжиж эхлэв. Урамшуулал шагнал, сугалаа, хямдралаар бөмбөгдөж нэг нэгнээсээ өрсөн хэрэглэгчдийн хэтэвчинд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх гэж өрсөлдөж байна. Өрсөлдөөн өөрөө араасаа хөгжил дагуулдаг болохоор өнөөдөртөө арай түрүүнд нэвтэрсэн аль эсвэл хэтэвчин дэх мөнгөө их зардаг салбарын бизнесийн борлуулалтын ажил арай дөнгүүр явагдаж байгаа.

Энд хүрээд монголыг гадаад ертөнцтэй жишин алдаа оноотой талыг дүгнэн гаргахыг хичээе. Гадны орноор бишгүүдээ л явсан манайхны зарим нь их ямбатай болоод эргэж ирсэн байх нь олонтаа. Учир юунд гэвэл тэдний очсон газар оронд үйлчилгээ борлуулалт гэдэг бол “класс”. Энэ бол мэдээж борлуулалтын шинэ хандлагын давуу тал байдаг байх. Хэрэглэгчийг нэгдүгээрт тавихаас гадна тэдний сайн сайхны төлөө, тэдэнд хэрэгцээтэй үнэ цэнэтэй зүйлийг өгснийхөө төлөө орлого хийдэг гэдгийг цогц систем болгон хөгжүүлж ирсэн нь давуу талыг бий болгож байгаа юм л даа. Эндээс “контрасс” бий болдог байх нь. Монголд бол гадныхантай харьцуулахад ихэд хойрго, сэтгэлээсээ биш байдаг болоод дээр нь хэрэглэгч худалдан авагчид нь ч мөн түүндээ дасал болон уусчихсан байдаг. Тэгээд ямар сайндаа л юм үзсэн нэгнээ ямбатайгаар нь дуудах билээ дээ.

Саяхан би нэг өвлийн ороолт авах санаатай дэлгүүр явлаа. Сүүлийн үеийн монгол дэлгүүрийн шинэ моод урсдаг шаттай их дэлгүүр болжээ. Бас ч нэг үеээ бодвол юм юманд их ахиц дэвшил гарсан ч наад зах нь 2 том хөршийн хажууд инээдтэй тосгоны дэлгүүр шиг л байсан хэвээрээ. Ер нь ч энд дэлгүүрийн тухай ихэнхдээ дурддаг маань их учиртай. Борлуулалтыг хамгийн сайн төсөөлж болохоор жишээ монголд дэлгүүр л байх шив дээ. Үүднээсээ эхлээд л шил толь болсон дэлгүүрийн дотор нь даанч амьгүй юм шиг л их хүйтэндүү. Даарах хүйтэнгүй ч нэг л тийм хөндий. Тэгээд хараад байхаар хэзээ мөдгүй “явчих гэж байгаа юм шиг” царай гаргасан нэг нөхөр тэнд хөлөө савчуулан сууна, хэдэн брэнд шошготой хувцас өлгөсөн тасагт 2 оюутан болтой охин тас тас хийтэл инээлдэн хүзэр тоглон ухаангүй, цаахан талд нь нэг тиймэрхүү хэд хэдэн төстэй зураглал харж болно. Хамгийн эмгэнэлтэй нь гутлын тасаг. Тэнд нэг ч үйлчлүүлэгч байхгүйн дээр нэг буланд урт сандал дээр гэдэс нь ил гарсан бүсгүй ухаан алдсан харагдана. Гайхаад ойртон хартал цочин босч нэг өндийснөө намайг юм авах шинжгүй гэж бодсон уу эргээд л давсны жинд яваад өглөө. Иймэрхүү орчинд орсон гадныхан нөгөө “соёлын биш шок”-нд орох нь мэдээж хэрэг л дээ. Цаашлаад явсаар арай гэж хайсан зүйлээ олоод худалдагч эгчээс үнийг асуулаа. Нэлээд эргүүлж тойруулж харлаа. Нэг мөрөндөө тохож нэг ороож үзлээ. Гэнэт тээршаасан хоолойгоор “за яасан болдгүй юу хир болчихлоо өгчих” гэсэн зэвүүн дуу гаргаад хураагаад авчихлаа. Дахиад нэг өөр ороолтны үнийг харамсалтай нь намайг хоёр дахин асуусан ч хэлж өгсөнгүй. Хажуугийн тасагт нэгэн мини юбка, өндөр өсгийттэй хагас нүцгэн бүсгүй их л уурлангуй “авахгүй бол яах гэж үздэг байна аа. Яршигтай юм. Балиар юмнууд” гэсээр аягаа барин кафе руу чиглэн гунхаж өгөв. Тиймэрхүү хагас нүцгэн бүсгүйтэй лангуунд голдуу эрчүүд их юм үзэх боловч авах юмнаасаа илүү нөгөө бүсгүйг харсаар гарч одох нь элбэг юм даа.

Монгол дахь борлуулалтын ажилын нэг өдөр дэлгүүрийн хувьд иймэрхүү маягтай өнгөрдөг болтой. Гадны оронтой харьцуулахад хэлбэрийн хувьд төстэй ч агуулгын хувьд ихээхэн зөрүүтэй байгааг мэргэжилтнүүд зөвлөдөг юм. Наад зах нь л иймэрхүү байдлаасаа болж борлуулалтын хэдэн хувиа алдаж байгааг мэдэрмээрсэн дээ. Нийгэм тэртээ тэргүй их стресстэй дээр нь дэлгүүрт ч бас ийм стрессгүй баймаар л байна.

Банкны салбар сүүлийн хэдэн жил их урагшаагаа хөдлөсөн. Нийслэлд маань хэчнээн олон банк, салбар байгааг бэлхнээ харж болохоор байгаа. Арай хөгжил сайтай салбарт тооцогдох болохоор үйлчилгээ арай сайн. Ядаж л ороод ирэхэд инээмсэглэдэг болсон байна лээ. Хотын төвийн дэлгүүр бусад үйлчилгээ ер давгүй санагдах болоод удаж байна. Зарим газарт яг л гадаад оронд яваа мэт сэтгэгдэл төрдөгөө ч нуумааргүй байна. Зарим үнэтэй рестораны үйлчилгээ их дажгүй шүү. Магадгүй ихэнхи оронд төв газар нь түрүүлж хөгждөг, чанар, үйлчилгээ сайтай байдаг байх л даа. Тиймдээ ч манай хотын төв хавиар л нөгөө гадны “ямбатай” жуулчид их үзэгдэх юм даа.

Хотын зах, алслагдсан газарт бол аймар. Харилцаанд ороход хүндрэлтэй. Магадгүй тэр орчин нь өөрөө их нөлөөлдөг байх л даа. Гэхдээ энэ байдлыг засаж сайжруулах талын тэргүүн шугаманд борлуулалтын ажилтан зогсмоор санагддаг юм.

 Тав зургаан жилийн өмнөөс монгол сүлжээний бизнес цэцэглэх болов. Нөгөө бүдүүлэг соёлгүй хүмүүс харин тэс өөр болжээ. Энэ тал дээр дорвитой хувь нэмэр оруулсан газар бол Орифлэйм гэж би хэлмээр санагдсан юм. Би өөрөө “орифлэймчин” биш л дээ. Гэхдээ тэдний борлуулалтын ажилтнуудаа хэрхэн соёлжуулж, зааж сургаж байгаад нь би дотроо талархаж явдаг юм. Сүлжээнд элсэгчид бол бүгдээрээ борлуулалтын ажилтнууд. Мэдээж сүлжээ ашигтай ажиллах үндэс бол борлуулагч нар амжилттай ажиллах. Тиймдээ ч энэ тал дээр их анхаардаг болтой санагдсан. Нэг удаа санамсаргүй явж байгаад тэдний сургалт хйиж байхтай тааралдсан. Борлуулалтын ажилтан ямар байх талаар их зүйлийг зааж сургаж байгаа харагдсан. Тэгээд  ч энд тэндээс орифлеймчдийн талаар сөрөг биш эерэг голдуу сэтгэгдэл сонсож байлаа. Хэрэглэгчээс харилцааны үр ашиг хүртэнэ гэдэг энэ л байх даа.

Эцэст нь сийрүүлэхэд өнөөдөртөө монгол дахь борлуулалтын ажил урагшилж байгаа юм байна гэсэн дүгнэлт хийхээр байна. Болохгүй зүйл их байгаа. Тэднийг засаж сайжруулах л хэрэгтэй. Хүнд юм зарах, борлуулах гэдэг ч өнөөгийн нийгэмд бас тийм ч амар зүйл биш болсон шүү дээ. Манайдаа л нөлөөтэй том байгууллагууд энэ тал дээр их анхаарах болсон нь туйлын сайшаалтай хэрэг. Ямартай ч борлуулалт гэдэг зүйл монголчуудад ойрхон л сонсогддог болсон шүү.


Сэтгэгдэл үлдээх

16:27 , 2009-12-01 .. Бичсэн: 8888888888888888888
sain bolson ym ih ym unshdag ymaa da

16:25 , 2009-12-01 .. Бичсэн: Зочин
алга ташилт mundag bichsen bna shvv. Vneheer uuruu bichsen gejvv nerd

18:29 , 2009-11-30 .. Бичсэн: uka (зочин)
uneheer l bdag um bichijeee magadgui iim um zondoo l bdag shuu dee oor sonin um bval gargaarai баярлах

{ Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax